• Sun. Oct 13th, 2024

БИДНИЙ ТУХАЙ

  • Home
  • БИДНИЙ ТУХАЙ

МОНГОЛЫН ПАУЭРЛИФТИНГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоог анх 2003 онд “Монголын Хүч Тамир Өргөлтийн Нэгдсэн Холбоо” нэрээр үүсгэн байгуулж, үүсгэн байгуулагчид болох Д.Баттулга, Б.Алтангэрэл, П.Моломжамц, Д.Рагчаа, А.Чойжамц нар хуралдан анхны ерөнхийлөгчөөр Б.Батцэнгэлийг сонгон үйл ажиллагаагаа эхэлж байв. Түүнээс хойш холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ч.Сайханбилэг, З.Буяннэмэх нар сонгогдон ажиллаж байсан.

2010 онooс эхлэн Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 оноос Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Баттулга сонгогдож ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оноос Д.Баттулга ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Байгуулагдсан цагаас хойш холбоо нь Пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг үе шаттайгаар төрөлжүүлэн зохион байгуулж 2005 онд анхны Хэрэглэлтэй Пауэрлифтингийн УАШТ, 2006 онд анхны хэрэглэлтэй хэвтээ шахалтын УАШТ, 2007 онд Монголын анхны Strongmen тэмцээн, 2010 oнд анхны хэрэглэлтэй пауэрлифтингийн азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулсан.

2015 онд Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага шинэчлэгдэж холбооны дотоодын болон гадаадын хамтын ажиллагааг идэвхижүүлсний үндсэн дээр олон улсын пауэрлифтингийн холбоо, Азийн пауэрлифтингийн холбоотой нягт байнгын хамтран ажиллаж эхэлсэн.

2016 онд анхны хэрэглэлгүй пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 2017 оноос анхны хэрэглэлгүй хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсдаа мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 удаа, Азийн аварга шалгаруулах тэмцээн 3 удаа зохион байгуулсан.

 2015 oнooс эхлэн жил бүр тогтмол улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг календарьчлан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчид пауэрлифтингийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнүүд, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрх нээгдэж олон олон тамирчид Тив, Дэлхийн аваргын медалийн эзэд болж байна.

Мөн анх удаа Монголын Бүх Ард Түмний Спартакиадад пауэрлифтингийн спортын төрлийг шинээр оруулж 2022 онд МБАТСпартакиадад пауэрлифтингийн тэмцээн Монгол орон даяар зохион байгуулагдсан нь энэхүү спортын төрөл нь нэгэнт нийтийн биеийн тамирын спортын төрөл болсныг илтгэж байна.

Түүнчлэн 2018, 2020, 2022, 2023 онуудад Strongmen тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан билээ.

2023 oнд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулж цаашид энэхүү тэмцээнийг тогтмолжуулан зохион байгуулахаар болов.

МПНХ Үндэсний допингийн хороотой хамтарч УАШТ-дээс тогтмол Допингийн шинжилгээ авхаас гадна допингийн эсрэг сургалт семинарт тамирчдыг хамруулж байна.

МПНХ нь УАШТ-нүүддээ Олимп, Тив, Дэлхийн стандартаар хангасан Швед улсын  Eleiko  штангийн иж бүрдэл 4 ком,  Япон Улсын  Bull штангийн иж бүрдэл 10 ком тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн УАШТ-үүдийг зохион явуулж байгаа билээ. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Олимпын хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Гадаад хэргийн яамтай хамтран ажиллаж ОУ-н тэмцээн уралдаанд оролцох тамирчдын виз, шагнал урамшуулын асуудлыг шийдвэрлэсэн.

Холбооны тамирчдын амжилт

2016 онд РИО-2016 зуны паралимпын наадмаас пауэрлифтингийн хэвтээ шахалтын төрөлд -88kг жинд Э.Содномпилжээ пaрaлимпын хүрэл медаль, ТОКИО-2020 зуны паралимпын наадмаас пауэрлифтингийн хэвтээ шахалтын төрөлд -107кг жинд олимпын аварга, зуны олимпын рекордын эзэн болж Олимпын хос медальтан төрөн гарсан. Түүний гавьяаг үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин Э.Содномилжээг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчдаас Тив, Дэлхийд үзүүлсэн амжилтыг  үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин 6 төрөн гарчээ.

2004 онд Казакстан улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах хэрэглэлтэй пауэрлифтингийн тэмцээнд -82,5кг жинд хэвтээ шахалтын төрөлд Д.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авч Монгол улсын анхны Тивийн медальтан болж байлаа.

2015 онд хэрэглэлтэй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шахалтын төрөлд Б.Чимэдцэрэн хүрэл медаль хүртэж Монгол улсын анхны дэлхийн медальтан болж байлаа. Үүнээс хойш дэлхийд өрсөлдөх олон тамирчид төрөн гарч Тив, Дэлхийн медальтнуудаар эгнээгээ нэмсэн.

MПНХ тамирчдад пара пауэрлифтингийн тив дэлхийн тэмцээнд түрүүлж IPF, IPC холбооны тэмцээнүүдэд маш амжилттай оролцож дэлхийн аваргууд, дэлхийн рекордын эзэн, багийн дүнгээр өндөр амжилтыг үзүүлж тив дэлхийд Монголынхоо нэрийг өндөрт өргөн төрийн дууллыг эгшиглүүлж байгаад Монголын маань ард түмэн талархан хүлээн авч байна.

Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо гэх их айл олон тооны тамирчидтай болж хэрэглэлтэй, хэрэглэлгүй хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн, хэрэглэлгүй пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн, хэрэглэлтэй пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн гээд жилд 4 удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 21 аймагт салбар холбоогоо байгуулж салбар холбоод маань ч аймаг тус бүрд аварга шалгаруулах тэмцээнээ тогтмол явуулж байна. Мөн энэ хугацаанд олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч 1, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч 11, улсын 10 шүүгчид, инженер техникийн албаны 6 ажилтантай болсон байна. Энэхүү спортын хөгжил цэцэглэлтийн үед Пауэрлифтингийн олон аваргуудтай, Тив, Дэлхийн олон медальтангууд, багийн дүнгээр байр эзэлсэн бахдам амжилт улам бүр урагшлан нэмэгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

ПАУЭРЛИФТИНГ МАНДТУГАЙ УРА.

Хүндэтгэсэн,

Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Д.Баттулга